dimanche 18 juillet 2010

...

Баясах сэтгэлийн учиг олох ганцхан үгнээс
Бахардан сөгдөх гуниг гэгч нэгхэн харцнаас
Будилуу мохоо хүслээ дарж чадваас өөртөө л тус
Бодолд ээдэх ээдрээг тайлж чадвал амгалан тэр

lundi 12 juillet 2010

хайр

Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая
Оруулсанadmin on 2008-09-02 22:41:58
Contributed by Anonymous


Гэсэн ч өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.
/Харанхуйг гэтлэхүй номноос/

Ер нь хүн гэдэг бодлогогүй, авцалдаагүй амиа хичээмтгий байдаг
Гэсэн ч тэднийг хайрла.
Чамайг сайн сайхан зүйл хийхээр хүмүүс чамайг далдуур муулж буруушаах болно.
Гэсэн ч сайныг үйлд.
Чамайг амжилттай байх аваас хуурамч найз нөхөд, үнэнч дайсан гарч ирэх болно.
Гэсэн ч амжилт олсон хэвээр л бай.

Өнөөдөр чи сайныг үйлдэхэд маргааш нь мартагдах болно.
Гэсэн ч сайныг үйлд.
Шударга болон илэн далангүй байдал чамайг юм юманд өртүүлэх болно.
Гэсэн ч шударга бөгөөд илэн далангүй бай.
Томоохон сэтгэдэг агуу хүмүүсийг жижиг сэтгэдэг өчүүхэн хүмүүс буудах болно.
Гэсэн ч өргөн хүрээтэй бод.
Сул дорой хүмүүс байдаг ч зөвхөн хүчтэй нэгнийг л даган хошуурцгаадаг.
Гэсэн ч сул дорой нэгний төлөө тэмц.
Бүтэн жилийн турш бүтээж босгосон ажил тань ганцхан шөнийн дотор сүйрчихэж ч магадгүй.
Гэсэн ч бүтээн босго.
Тусламж хэрэгтэй хүмүүст тусалсны хариуд тэд чам руу довтолж ч магадгүй
Гэсэн ч хүмүүст тусал.
Өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.
Чамайг шүдэнд орсон мах шиг авч хаях болно.
Гэсэн ч өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.

мартагдсан үлгэр

Эрт урьдын цагт юмсанж, илжиг унасан нэгэн худалдаачин явж байж гэнэ. Тэгтэл мөр замд нэг айл харагдаж, уяан дээр эмээлтэй морьд багшраад найр наадмын их хөлтэй байх юм гэнэ.
Энд юу болж байгаа юм бол гэхэд илжиг нь,
- Аа эзэн минь энэ айл жасаагаа уншуулж байгаа юм байна гэжээ. Энэ айлаар ороод гаръя гэхэд илжиг нь хэрэггүй дээ хэрэггүй гэж хичнээн цааргалсан ч болсонгүй очиж дээ.

Тэднийг очиход, гэрийн эзэн харилхаж, цээрлэсэнгүй, харин ч буянтай будагтай хүн ирлээ гэж бэлэгшээх шахуу юм болж "Дааяа дээшээ, дээшээ!" гэж байх юм гэнэ. Худалдаачин ч, зүгээр гээд баруун урд хаяанд сөхрөн сууж дээ.
Хурсан олонд цай идээ айраг сархад сөгнөж уншлага тайллага өндөрлөж байгаа бололтой, бий биелэгээр элбэг хангалуун жирийн нэг айл байх юм гэнэ.
Худалдаачин ингэж боджээ, хачин юм даа, энэ өдөр мэнгэ голлож үгүйрч хоосрох, үйлийн гурван муу шинж давхцсан хувхай ёдор модон хохь өдөр байх юм. Тэгтэл энэ айл жасаагаа уншуулж буян хишгийн даллагаа авч байх ч гэж дээ. Yзтэл тэрсүүд өдрийн хатуу цаг байтал, хурагсад бүх юм ёсоороо сайхан боллоо гэлцэхийг яана. Ямар хүн танай "өдөр судрыг" үзсэн юм бол гэвэл "уулын багш" гэнэ. Харыг цагаанд буулгаж хатууг зөөлөнд хариулдаг далдын ухааны нууц нь юундаа байна. Тэр уулын багш гэгчийг сураглаж уулзъя гэж бодтол гадаа хүн амьтны дуу шуугиан дэгдэж, хүүе дааяа болохоо байлаа, унаа хөсөг чинь догшроод байна гэж хашгиралдана.
Гараад ирсэн чинь хөөрхий муу салга сайвар илжиг нь шуумаазан ганзгалаагаа гэдсэндээ хөглөрүүлчихээд нохойд боорлуулан зогсч байна гэнэ.
Худалдаачин ч нэрэлхээд олон юм ярьсангүй, өртөө замаа бараадаж дэнжийн чулуунаас гал бутартал дэрсний толгойноос салхи исгэртэл дэргүүлж явж гэнэ. Нар шингэхийн үед араас нь хөтөлгөө морьтой хүн гүйцэж ирсэн нь улаа нэхээд буцаж яваа хүн байв гэнэ. Тэд унаа морины амьсгаа дарж хэсэг зуур зам нийлэв гэнэ.
Тэгтэл хэдэн гэр адуу малын бараа харагдаж энэ ямар айл байна гэж худалдаачин асуув.
- Уулын өртөө гэж улаач хариулав.
- Уулын өртөө... тэгвэл уулын багш гэж бас юу байна гэж омогшингуй асуув. Цаадах нь:
- Чи түүгээр яах гэсэн юм.
- Чухал яриа байна.
- Та хоёрын чухал юм гэж юу байсан юм.
- Энэ чамд ямар хамаатай
- Тэгвэл тэр хүн чинь би байна
- Чи юу... гэж тохуурхалтай инээснээ, хэрэв чамд уулын багш гэгчийн ухаан заяасан бол би энэ унасан илжгээ ачаатай нь өгөөд ар Бээжин хүртэл явган явбаа чү гэв. Тэр хоёр ийнхүү явдал дундаа тоглоом шоглоомын үг хаялцан хойно урдаа орсоор захын хар гэрийн гадаа буув. Дээл сугалдаргалж алчуур зангидсан хөхөлбөр царайт эр, улаачийг тосч ирээд,
- Уулын багштан, алжааж ядрав уу, алба саадгүй амгалан уу гэж хөл алдав гэнэ. Нэгэнт орой болсон учир, худалдаачин унааныхаа нурууг амраан хоноглохоор болов. Хээр хөдөөгийн эгэл борогхон амьдрал, ханхай хар гэрийн дотоод байдал, нүүдэлчин шинждээ тохирсон эдлэл юмсыг нь ажиглаж, ойр зуурын яриаг чагнаж суухдаа бухын хүзүү шиг хөшүүн энэ борчуулын буян заяаг ер юу түшиж явдаг байна гэсэн юм бодож суулаа. Улаач,
- Та замдаа аяншиж ядарсан байлгүй, цай хоол сайн идэхгүй яагаав. Нэгэнт та намайг зорьж яваа гэсэн, та надтай юу хуучлахсан бол гэлээ.
Сэрэвгэр өтгөн буурал хөмсөгний дорх уулаас босоо зовхитой төрсөн галтай нүд, чи чинь илжигээ надад өгөхөөр ам алдлуу гэх шиг нэвт шувт ажиглаж байгааг мэдсэн худалдаачин тал засах маягтай хөнгөн инээд нисгэж,
- Замд нэг айл жасаагаа уншуулж, найр ёс болж байна. Тэр ч яах вэ сайхан, сайхан боллоо. Харин өдөр судрыг та үзсэн гэлцэх юм. Энэ үнэн үү.
- Тийм ээ, өдөр судрыг нь би зурсан ухаантай юм гээд тулганы халуун нурманд гударсан зэс дэвэртэй богшсон цайнаасаа аягалж сархад мэт ташаалахыг харж суусан худалдаачин,
Энэ бид хоёрын байж байгаа царай, өдөр судар мэдэх нь юу л бол, лав худал хэлээ биз Юу ч гэсэн хэдэн үгээр туршаад үзэхэд хар шар нь мэдэгдэхгүй, энэ асман багш хий хоосон үгээр суухгүй хаа зайлна. Нохой идваа чү гэж хөх инээд нь хүрсэн худалдаачин,
- Миний бодлоор бол энэ өдөр яасан муу, ямар учир байна гэж гайхсан дүр үзүүлэв.
- Тиймээ; үнэн шүү тун таагүй өдөр. Та ч бас яггүй хүн байх нь ээ. Гэхдээ энэ өдөр тэр айлын босгыг эзэн хаан алхах хишиг буяны даллага тохиосон өдөр шиг санагдаад байсан юм гэх нь тэр
Худалдаачны нүүрнээс гал бутрах шиг болсон ч балмагдсанаа
мэдэгдэхгүйг хичээж,
- Миний энэ зөнөг толгойд ... ухаан дутваа гээд толгой сэгсрэн инээх аядав. Орой болж унтах юм болцгоов гэнэ. Энд халуун байна гадаа унтана гэж худалдаачныг шалтаг гаргахад улаач өөрөө гараад модон мөөртэй тэрэгний аралд тулгуур тавьж тэгшлээд дээр нь хэдэн давхар цагаан эсгий дэвсч өгөөд оров гэнэ. Эндээс бушуухан холдохгүй бол болохгүй нь гэж худалдаачин шивнэв.
Би эс хэллүү одоохон явья гэж илжиг адгав гэнэ.
Гэнэт явбал ажиг сэжиг авна. Yүр шөнийг хүлээе гэж худалдаачин цааргалав. Од тэгшрэн орой болсон ч уулын багш хөх дархан хоёр дүнгэр дүнгэр яриад ер мөд унтах шинжгүй гэнэ. Эсгий дэвсэж ор зассан нь хүндэтгэлтэй санагдавч, модон тэрэг нь нэг л егөөтэй ер шинжийн юм бодогдоод болж өгсөнгүй. Эд нар юу яриад байна. Мэдээд ир гэж илжгээ явуулж гэнэ. Илжиг нь газар анирдаж хомоол эргэцүүлсэн болж, зуны шөнийн шуулттай хаяагаар өөхөн дэнгийн гэрэлд ярилцан суугаа тэр хоёрын яриаг сайн чагнаад эзэндээ ингэж хэлж ирж гэнэ.
Утаа суусан, өртөөний хар гэрийн хоймор байвч, удам угсаа үе залгамжилсан бичиг номын их хүний өргөө байна тэр чинь. Одтой тэнгэрийг нартай сартай нь алган дээрээ буулгаж, орчлонгийн хөх униарыг сөхөн намартай хавартай нь шинжиж суунаа тэд чинь. Зурхайн найман суудлыг арван хуруундаа гүйлгэж, зураг төөрөг заяа тавилангаа билгийн нүдээр харж сууна. Он жилийн өмнөх явдлыг хугацан бодож ороо бусгаа цагийн өнөө төрхийг шинжиж сууна тэд чинь. Улайтгасан төмөр нүдсэн ядуу эр харагдавч дэргэдэх нь угтаа бол хар төмрийн хаан байна. Ган төмөр дөрөөний сэнж цагийн буулганд дөлрөх вий гэхдээ, гарьдын жигүүр дэлгэн, галаар ширээж
суунаа цаадах нь гэж гэнээ. Бид энд удвал баригдаж шившгээ тарих юм боллоо гэж ярилцаж байтал нөгөө хоёр сая нэг юм гадаалж, уулын багш гэрээ тойрон ном “залж" явснаа, үгүй ээ энэ чинь юу вэ гэж дуу алдаж гэнээ. Гэрийн хоёр талд мөр мөрөө дарж яваа тэр хоёрын яриа тодхон сонсогдох аж. Хөх дархан,
- Багштан та юу гэж айлдав аа.
- Ай мэдэхгүй. Хөх дархан минь, их л учир жанцантай юм болж байх шиг байна.
- Яаж байна.
- Эзэн хааны од энэ шөнө манай чанх дээр хоног барьсан байх шиг байна.
- Yгүй та чинь, айлын жасаан дээр байхаар юм айлдсан гээгүй бил үү.
- Одоо бол манайд л заларсан байхаар тохиосон байна.
- Тэгвэл цаад тэргэн дээрх саарал илжигт чинь юм байлгүй дээ гэж хөх дархан намуухан хүд хүд инээх шиг болов
- Энэ ч ямар хүн явааг бас яаж мэдэхэв дээ гээд Уулын багш бишрэлтэй аргагүй хэлэх нь, худалдаачинд сүжиг сэжиг хоёрыг зэрэг төрүүлэв. Хөх дархан дотроо ингэж бодож гэнээ.
Yе үе манай уулын багш нэг явдалтайхан нохойтдог доо, тэр нь хөдлөх нээ. Яах гэж байгаа бол доо... Эзэн хаан илжиг зайдлаад энэ газар тэнэж явах юм гэнэ. Гайгүй байлгүй. Тэр нь бас мангартаад айлын гадаа тэргэн дээр тэнгэр хараад алмайрч хэвтэх юм гэнэ. Зориуд түүнд дуулдахаар хэлж дамшиглаж байгаа нь тэр. Мань эр ер нь аль оройноос эхлээд энэ муу луухаанд цай хоол ор дэвсгэр гэж нэг их сүйд болоод байсан юм. Аягүй бол эвтэйхэн гэгч хөлд нь сууж хөөрөгдөөд, хэдэн нэхий, аргамжааны сураа талхилуулаад авах гэж байгаа вий гэсэн юм бодогдовч үгээ татсаар багшийг дагаж гэрт оров гэнэ. Худалдаачин ч ум хумгүй арилж өгч гэнээ.

... Нэгэн цагт Манж эзэн хаан, ядуу гуйлгачин цагаачны дүрээр хувцаслаж гадагш хээр хөдөө олны дунд орж учир битүүлэг нууцыг олж тандахаар сэм хөдлөхийг завдтал, дэргэдийн тэргүүн шадар зөвлөх нь мэдчихээд,
- Эзэн хаантан минь болгоож соёрх. Дээдсийн суудал алдаж, төрийн том хүн энэ мэт хөнгөн хуумгай хөдөлж болохгүй. Нэр төр болоод өс ёмбонд харш. Баригдвал амь насанд халтайгаас гадна төрийн нуруу хазайлгаж түмэн газрын сонорт олны шившиг болно. Энэ чинь цагийг эзэлсэн их хүний хийдэг ажил биш гээд халгаасангүй ээ. Манж эзэн хаан ч мөчөөгөө өгсөнгүй,
- Хэдэн түмэн цэрэг хөдлөглөө ч хэрэг дээрээ та нар Монголын голомтыг самарч үнсийг нь хийсгэж чадсангүй. Халхын буян хазайж хавтаганы нь ам уруугаа хардаггүй нь юундаа байна. Монголын заяа хэлтийж модоо барьдаггүйн учир юундаа байна, түүнийг мэдэх хэрэгтэй гэж адгаж гэнэ. Тэргүүн шадар цөхөрсөн янзтай ингэж хэлэв гэнэ.
- За тэгвэл төрийн төлөө зүтгэх нь миний алба, төвшин амгалан явах нь таны ёс. Би танд бараа болж явъя. Гэхдээ та Ар Бээжин орох гэж яваа арилжаа наймааны хүн, би нохой дайрвал тангардаг ноёд үзвэл жороолдог ногоо харагдвал зулгаадаг номхон саарал илжиг болж хувиръя гэж хоёулаа тохиролцоод гарсан нь энэ юмсанжээ.
Тэр хоёр айл амьтны унтаагаар өртөө замаасаа дайжин зугтаж явтал энэ дуулианы дам сургаар халхын хошуудын хэсэг зусарч ноёд бэлэг сэлт барин довтолгож ирэв гэнэ.
Баригдах нь гэж үнхэлцгээ хагартал айсан хаантан, тэдний бараанаар,
- Тэргүүн шадар минь, би одоо яах билээ гэж сандарч гэнэ. Цаадах нь,
- Зовох юмгүй ээ, би таныг сохор номин болгоод газар доогуур шургуулчихъя. Дараа ирж авна гээд ажигч үгүй орхиод явчихаж гэнэ. Илжиг бас ингэж бодож гэнэ.
Манай энэний их санаатай гэдэг нь, Эр хүйстэй бүгдийг эрхи орхимж хоёроор аргамжаагүй цагт, халхын өндөр босгыг байтугай хаяа хацавчаар нь шургална ч гэж санахын хэрэггүй. Эмс охидын нь энгэр хормой задгайрч хөлд нь салхи ороогүй цагт, энэ улсын судсыг ханана гэж бодохын ч хэрэггүй. Yеийн үед үлий сахидаг болог гэж зүхэж гэнээ. Тэр цагаас хойш тэргүүн шадар хэзээ ирж намайг авах бол гэж сохор номин болон үлийд хоргодож байгааг тэнгэр мэдчихээд уурсан хилэгнэж аянга буулгадаг болсон нь тэр юм гэнэ. Тэглээ ч тэр намайг аль өргөөндөө бий гэж ниргэх вэ гээд сохор номин олон үлий ухдаг болсон нь тэр юм гэнэ... гэснээр үлгэр амар сайхандаа жаргав гэнээ...


АВИДЫН ШАРТОЛГОЙ
1935 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1-р багийн нутаг Тоосгон гэдэг газар төрсөн.
1957 оноос уран бүтээлийн гараагаа шүлгээр эхэлж. 1969 оноос эхлэн "Жанжны даалгавраар", "Тулгын чулуу", "Дуудлага", "Их говийн зоригтон" зэрэг хэд хэдэн жүжиг бичиж тоглуулж., 1986 оноос "Оргил", "Сургүй мөнгөн хазаар". "Одтой явах нас" зэрэг шүлэг өгүүллэгийн номоо хэвлүүлэв. 1999 оноос "Дигваранз", "Домгийн цэнхэр говь", "Маргааш дайн эхэлнэ", "Их хөлийн зарга" өгүүллэг, тууж, романы цуврал дөрвөн номоо хэвлүүлэн уншигчдаа барив.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал. "Монгол улсын соёлын тэргүүний ажилтан" цол хүртжээ.
2002 оноос "Саран хөхөө" жүжиг "Ноён хутагт Равжаа" туульсийн хоёр ангит киноны зохиол бичиж одоо "Ноён гэгээний тууж". "Говийн Ү ноён хутагт Лувсанданзанравжаагийн амьдралын мөчлөг"-ийг бүтээн хэвлүүлжээ.

гурвалдайн гурван цэцэн

Гурвалдайн гурван цэцэн гэж нэг эцгийн гурван хүү байжээ. Гурван хүү юм үзэхээр явж байгаад буман уньтай бургасан гэрт хоножээ. Их ах нь өглөө босоод гадаа гарахдаа,
- Энэ гэрийн эзэн нь борогч гүүтэй бор халтар нохойтой юм байна гэв.
Дунд дүү нь:
- Тэр хүний чинь өрөөсөн нүд нь муу юм байна гэлээ.
Бага дүү нь:
- Тэр хүний бас өрөөсөн хөл нь муу юм байна гэжээ.


Гурвуулаа цаашаа явж байтал борогч гүү хөллөж бор халтар нохой дагуулсан өрөөсөн хөл, нүд муутай өвгөн явж байжээ. Тэр нь нөгөө хоносон гэрийн эзэн мөн байв.
Гурван хүү,
- Минийх зөв, минийх зөв гэж булаацалдсаар тэр өвгөн дээр хүрч ирэхэд өнөөх өвгөн
- Намайг та нар шоолов гэж уурлажээ.
Отгон дүү нь,
- Та энэ өвгөнийг борогч гүүтэй, бор халтар нохойтой юм гэж яаж мэдэв гэж их ахаасаа асуувал. Их ах нь:
- Намайг гадаа гарахад, морины уяанд бор хялгас, нохойн хэвтэрт бор даахь байсан юм гэжээ.
Их ах нь
- Чи энэ өвгөний өрөөсөн нүд мууг яаж мэдэв гэж дунд дүүгээсээ асуувал, дунд дүү:
- Тэр хүн нүүр гараа угаахдаа зүүн талдаа усаа их асгасан байна билээ гэжээ.
Дунд дүү нь:
- Чи тэр өвгөний өрөөсөн хөл мууг яаж мэдэв гэж отгон дүүгээсээ асуувал, отгон дүү нь:
- Би өвгөний орон дээр унтаад босоход, зүүн сүүж минь их хөндүүрлэсэн байж билээ гэв.
Борогч гүүтэй, бор халтар нохойтой өвгөн:
- Гурван хүүхэд намайг шоолов гэж хаанд очиж мэдүүлжээ. Гурвалдайн гурван цэцнийг, хаан дуудуулж авчраад
- Та нар настай хүний хажуугаар гарахдаа, юунд шоолов, битүүг тааж, бэрхийг яаж мэдэв гэж асуужээ.
Цэцэн гурав өвгөний гэрт хоноод юу тааж, юу гэж ярьснаа хаанд цөмийг хэлжээ. Гэтэл хаан гурван цэцнийг үнэхээр бэрхийг мэддэг, битүүг таадаг юм байна гэж мах, айргаар ихэд дайлжээ.
Тэгээд цэцэн гурав хааныхаас явахдаа
- Хаан хүндлэхэд ч хүндлэв. Харин өгсөн мах нь нохойнх шиг, айраг нь хүний цус шиг амттай юм гэж ярилцаж явтал, тэр үгий нь шивэгчин дуулчихаад, хаандаа очоод айлтгавал, цэцэн гурван жаалыг хаан бас дуудуулж авчраад.
- Та нар замдаа юу гэж ярилцсан бэ? Та нарыг насаар чинь хар гэрт хийнэ гээд тэр гурвыг хоёр давхар шоронд хорив.
Гэтэл хааны ач Төдий хүү, Гурвалдайн гурван цэцнийг ямар хэрэгтэйд нь шоронд хийв гэж хаанаас асуухад, хаан:
Би тэр гурвыг цэцэн юм гэж мах, айргаар дайлсан юм. Гэтэл тэд махы нь нохойн, айргий минь хүний цусны амттай юм гэхлээр шоронд хийсэн юм гэжээ.
Төдий хүү:
- Юуны мах өгсөн юм бэ?
Хаан:
- Хонины мах байхгүй юуных байх вэ?
Хүү
- Хонины чинь маханд нохойн мах байж магадгүй шүү. Та сайн бод гэжээ. Хаан хэсэг бодож байгаад
- Чамайг бага байхад зуд болж билээ тэр жил хамаг хонь үхээд, хоёрхон өнчин хургатай үлдээд, түүнийгээ нохойн сүүгээр тэжээсэн юм. Тэрнийг маань хэлсэн байх нь байна шүү. Тэгэхлээр тэр гурвых зөв байх нь зөв. Тэгвэл айрагт яагаад хүний цусны амт байдаг билээ гэж бодов. Гэтэл Төдий хүү:
- Зун гүү сааж байхад хамраас гэнэт цус гоожиж сааманд дусаж холилдсон байж болох юм гэхэд хаан бүрэн зөвшөөрч
- Гурван жаалын зөв. Ёстой бэрхийг мэддэг, битүүг таадаг цэцэд юм байна гэж шоронгоос суллан тавьсан нэгэн үлгэр төгслөө.


Монгол ардын үлгэрүүд. Редактор Ө.Банди. 1966 он.

долоон настай хүү

Эрт урьд цагт долоон түмэн адуутай Долоо баяных гэдэг Алтай хааныг өвөрлөж, Хангай хааныг арлан нутагладаг байжээ.
Долоо баян өөрөө нэг өдөр долоон түмэн адуугаа долгио нуураас усалж явтал жижигхэн хайрцагтай юм нуурын усаар хөвөөд ирэхэд нь уурганыхаа үзүүрээр өлгөөд хаяжээ. Тэгтэл түүний дотроос амнаас нь алд улаан гал дүрэлзсэн, арван хоёр толгойтой атигар хар Мангас гарч ирээд, чамайг иднэ гээд бариад авчээ. Долоо баян:

- Намайг битгий идээч! Долоон түмэн адуугий минь идээч гэж гуйж гэнэ. Мангас
- Яасан ч миний дур, чамайг идвэл адуу чинь минийх ээ гэжээ.
Долоо баян дагжин чичирч байгаад
- Сэгсгэр сэвлэгтэй долоон настай хүүгий минь ав. Довцог толгой дээр орхичихоод маргааш нүүнэ тэгэхэд нь аваарай гэхэд нь Мангас дуртай дургүйхэн шиг
- Тэгье гэжээ.
Долоо баян маргааш өглөөний нь гарах улаан нарнаар довцог толгой дээр долоон настай хүүдээ урц барьж өгөөд, нум сумы нь хажууд нь тавьж унтуулчихаад нүүжээ.
Гэтэл мангас урцын гадаа ирээд, Долоо баян хаана байна гараад ир гэж хашгирчээ.
Долоон настай хүү, нэг гартаа нум сумаа, нөгөө гартаа дээлээ чирээд гарчээ.
Мангас:
- Долоо баян хаана байна гэв.
Хүү:
- Энд байна гэжээ.
Мангас:
- Таныг яагаад Долоо баян гэдэг юм бэ?
Хүү,
- Долоон түмэн адуугаар нь тэгж нэрлэсэн юм.
Мангас:
- Адуу ч гэж унага байгаа биздээ.
Хүү:
- Унага нь ч унага юм, харин долгио нуурыг ширгэтэл уучихдаг юм даа.
Мангас:
- Нуур гэж шалбааг байгаа биз дээ.
Хүү:
- Шалбааг нь ч шалбааг юм байх аа, харин хун шувуу нисээд гардаггүй юм гэдэг шүү.
Мангас:
- Шувуу гэж болжмор байгаа биз дээ,
Хүү:
- Болжмор нь ч болжмор юм байх аа, харин гэрийн тооныг бүрхчихээд байдаг юм шүү.
Мангас:
- Гэр гэж урц байгаа биздээ.
Хүү:
- Урц нь урц юм байхаа, үүднээс нь харайсан туулай хоймор нь хүрдэггүй юм гэнэ билээ,
Мангас:
- Туулай гэж бүжинхий байгаа биз дээ.
Хүү:
- Бүжинхий нь бүжинхий юм байхаа, босоо тэмээн дээгүүр харайдаг юм гэнэ билээ.
Мангас:
- Тэмээ гэж ботго байгаа биздээ.
Хүү:
- Ботго нь ботго юм байхаа, босоо хүнээс өндөр юм гэдэг шүү.
Мангас:
- Хүн гэж хүүхэд байгаа биз дээ.
Хүү:
- Хүүхэд нь хүүхэд байхаа, арван таван толгойтой атигар хар мангасыг ингээд дарчихсан юм гэнэ билээ гээд нум сумаа аваад мангасыг харвачихжээ.


Монгол ардын үлгэрүүд. Редактор Ө.Банди. 1966 он.

ёнтгор хүрэн

Урьд нэгэн цагт мэргэн саарал, бөөн саарал, хурдан саарал гэж гурван чоно амьдарч байжээ. Энэ гурав олон хоногоор уул хад, ус голыг гатлан идэш эрж яваад юу ч олж идэлгүй өлсөж ундаасан ядарчээ. Хурдан саарал, бөөн саарал хоёр,
- Чи мэргэн гэж алдаршсан боловч мэдэж байгаа чинь аль вэ гэж уцаарлахад мэргэн саарал,
- Одоо энэ өндөр уулын орой дээр гарвал идэх юм аяндаа харагдана байх гэж нөгөө хоёрыгоо тайтгаруулжээ.

Тэгээд уулын орой дээр гурвуулан гарч ийш, тийш хартал уулын бэлээр нэгэн сүрэг адуу билчиж идээшлэн байх нь харагдсан ба ойр хавьд айл амьтан алга байлаа. Энэ гурав уулнаас бууж гуу жалгаар далдлан адуунд дөхөж очжээ. Гурвуулан адуунуудын аль нь тарган болохыг шилж байгаад хурдан саарал хамгийн тарган хээр зүсний сувай гүүг барьж идэхээр шийдэж нөгөө хоёртоо хэлтэл, мэргэн саарал нь татгалзаж,
- Хулгар чихтэй хамгийн эцэнхий ёндгор хүрэн морийг гурвуулан хамжиж идмээр байна. Учир нь энэ морь бол хамгийн хурдан бөгөөд таван жил сувайрсан залуу гүүнээс гарсан хулангийн унага байна. Хэрэв үүнийг эхлээд идэхгүй бол бид гурав амьгүй болж магадгүй, харин энэ морийг идэхдээ хамтарч дайрахгүй бол хэн нэгэнд маань дийлэхгүй, үүнийг л идсэн байхад дараа нь алий нь ч идсэн хамаагүй гэхэд, хурдан саарал, бөөн саарал хоёр дургүйцэж,
- Өдий хол газар идэш ирж ирээд яс арьс болсон энэ муу морийг идээд яах юм бэ? Энэ муу хэдрэг бидэнд хор хүргэж яасан ч чадахгүй гээд мэргэн саарлын хэлснийг огт авалгүй тас зөрж, адуу уруу ухасхийн дайрч нэгэн тарган гүүг унагаан барьж идэхэд мэргэн саарал оролцолгүй холоос харж байтал адуу нь үргэн давхилдаж уулын хөндий уруу буухад эзэн нь урдаас нь тосон ирж адуугаа нэг эргэн бүртгээд гүү алга байхыг мэдэв бололтой гэнэ. Тэгээд адууны эзнийг холоос ажиглан харж байтал унаж явсан морио сольж нөгөө ёндгор хүрэн морийг адуунаасаа барьж авахын хамт бөөн саарал, хурдан саарал хоёрт очиж одоо бушуу зугатаахгүй бол болохоо больсон. Миний хэлсэн үгэнд орсон бол юунд ийм аюулд орох билээ. Адууны эзэн ёндгор хүрэн морио барьж уургаа шорлоод бид гурвыг хөөж алахаар мордлоо. Юуны урьд уул өөд зугтаах хэрэгтэй гэв. Тэгээд уулын орой өөд зугатаахад гүүний мах цадтал идсэн хурдан саарал, беен саарал хоёр эцэж явж чадахгүй байлаа. Мэргэн саарал урд нь орж хурдаар давхиж байв. Адууны эзэн бараа алдахгүй хөөсөөр яваа нь харагдав. Хүрэн морь явах тутамд ойртож байлаа. Уулыг давж хөндий уруу оров.
- Хурдан саарал минь одоо л хурднаа гарга! гэж хэлээд саарал, бөөн сүүлнээс нь хазан чиргүүлдэж явлаа. Удалгүй бөөн саарлыг шорон уургаар хатган алж буй нь үзэгдэв. Хурдан саарал эцэж ядарсаар байлаа. Адууны эзэн улам ойртон ирэв. Мэргэн саарал, хурдан саарлыг орхиж урагш улам хурдлан давхихдаа:
- Үгэнд оролгүй зөрөөд байвал үхэл ингэж ирдэг юм гэж тавалжээ. Удалгуй хурдан саарлыг хатган алж мэргэн саарлын хойноос давхиулан явна гэнэ. Мэргэн саарал нүхэнд орохоор шийдэж чинээгээрээ хурдлан явж байтал хэсэг хад дайралдан түүний доогуур хонгил байхаар түүнд давхин ортол, өмнөөс нь нэг чоно зөрж гараад давхихад адууны эзэн түүний хойноос хөөж, мэргэн саарлыг орхижээ. Үүнээс идсэн нь хонгилд идээгүй нь хоморгонд гэсэн үг гарсан ба ёндгор хүрнийг байгаа цагт энэ нутгаас өнчин ишиг идэж болохгүй гэсэн зарыг мэргэн саарал бүх чононд тараажээ.


Монгол ардын үлгэрүүд. Редактор Ө.Банди. 1966 он.

алтан шатарт хүү

Урьд эртийн цагт өсөхийн гурван наснаас чулуун шатраар тоглож сурсан хүү өргөн дэлхийгээр шатар тоглон явсаар харь газрын ухаант шатарчинтай Алтан шатраар нь мөрийцөн тоглож хожоод шатрыг нь авч гэнээ. Арван таван настай аахай мэргэн шатарчин хүү алсаас нутагтаа ирэхэд, өөрийн хаан нь зэргэлдээ хааныхантай шатар тавьж хожигдоод хамаг юмаа алдаад хаан төрөө ч унагахад тулсан харамсалтай мэдээ сонсдож гэнэ. Хоёр хаадын толгой авалцах шатрын өрөг эхлэх өдөр хүү очиж гэнэ.

Өөрийн хаан нь толгой унжуулан гунигтай байв. Нөгөө хааныхан хожсондоо оодрон омогшуу байлаа. Хоёр хааныхны алдарт шатарчид мэл гайхан, цэл хөхрөн гүн бодолд дарагдсан байхыг хүү хараад:
-Хожил хоёр тийшээ! гэж мэнд айлдахад хожсон хааныхан хүүг харж тоглоом тохуу хийж байлаа.
-За шатарчид минь хааныхаа толгойд харамсаад байна. Харц миний толгойг чангахан цавчаад аль! гэхэд хожсон хаан хүүг хараад, дооглон харц чиний толгойг хааныхтай чинь авна гэлээ. Хүү
-Сэлэм нь хурц бол цавчихад үл өвдөнө. Сэтгэл нь хурц бол сэлмийг ч бол хугална гэжээ.

Хожсон хаан омогшин шатар тавихаар боллоо. Сийлбэрт модон шатраа дэлгэн өрөхөд хүү хэлсэн нь:
-Сийлбэрт модон шатраар тогловол азанд муу гэдэг. Хаан хүн байж танд алт мөнгөн шатар алга уу? Харц миний алтан шатраар нүүх үү дээ! гээд өврөө уудлан алтан шатар гарган ширээнд өрөхөд хожил ихтэй хаан, хүүг хараад гайхав.
Хожилтой хааныхан ч хааныхаа толгойг алдах вий гэж гэнэт цочин айцгаана. Алдаж гуньсан манай хааныхан ч сэргэх шиг боллоо. Шатраа өрөхөд хүү хэлсэн нь:
-За толгой авахаар тавьж байгаа хойно хэрэв би хожвол алдсан бүх зүйл, мал хөрөнгө, эрдэнэс баялаг харц олноо эргүүлэн аваад танай хааны бүх албат иргэд хошуу нутаг мал сүргийг бас авна шүү дээ. Харц олон, хамаг түшмэддээ хэлэх үг байвал эртнээс захь!

Би захих хэлэх хүнгүй ганц хар толгой гээд инээд алдав.
Хожил ихтэй хаан бүр гайхаад ширээнд тавьсан толгой авах сэлэмнийхээ бариулыг өөртөө ойртуулан тавихад
хүү:
-Хүндэт хаантан минь сэлэмнийхээ бариулыг хойш харуулан ирийг нь урагш харуул. Хэн маань ч хожих юм билээ дундаа дээр гэлээ.
Хүүгийн хэлснээр юм бэлэн боллоо. Хүү:
-Хаантан та эхэлж нүү! Насны эрэмбээр хүндэтгэе! гэлээ.
Хаан эхэлж нүүлээ. Хүү ч хариу нүүлээ. Хаан хоёр дахиа нүүлээ, хүү ч мөн нүүлээ. Хаан гурав дахиа нүүлээ, хүү ч гурав дахь нүүдэл дээрээ маданд орууллаа. Хүү ухасхийн босч сэлэмний ишнээс барин хожилт хааны хоолойд хүргэхэд тэр хааныхан уйлан хайлж, хатан хаан өршөөл гүйж, хайрт хүүхдүүд нь уйлан гуйлаа. Хожсон хааныхан, инээлдэхэд Ахай мэргэн шатарч хүү сэлэмнийхээ ирийг хожилт хааны хоолойд бариад:

-Харц ардууд аа, эдний дур зоргоорос мөрийцөж хаан төр, харц олон, газар нутаг, эрдэнэс баялаг, эх хүүхдүүдийг гай зовлонд учруулдгийг харцгаа! Үүнээс хойш хаан, харцгүй мөрийцөн тоглохыг устга! Толгойгоо авахуулахаар дөхүүлсэн хаан та ч амьд дээрээ дуулж ав! Амийг чинь өршөөнө. Бүх нутаг, албат иргэдээ манай хаанд өгөөд өөрөө манай хааны номхон морины ногт, догшин морины чөдөр, дорой хүний суудал, дорд олонд зарцлагдаж яв! Амь тань үнэтэй гэдгийг яс махандаа ортол ойлгов уу? гээд хоолойноос нь ирт сэлмээ аваад хуйлан:
-Хуйтай сэлэм сугалах ёсгүй. Азтай сайхан амьдарцгаая гэжээ. Үүнээс хойш энэ хааныхан мөрийтэй тоглохыг зогсож амар сайхан аж төрөн жаргаж гэнээ. Хүүд хаан ширээг өгөх гэсэнд авсангүй. Алтан шатраа өвөрлөн айл хэсэн тоглож явсаар амар сайхан жаргажээ.