lundi 12 juillet 2010

гурвалдайн гурван цэцэн

Гурвалдайн гурван цэцэн гэж нэг эцгийн гурван хүү байжээ. Гурван хүү юм үзэхээр явж байгаад буман уньтай бургасан гэрт хоножээ. Их ах нь өглөө босоод гадаа гарахдаа,
- Энэ гэрийн эзэн нь борогч гүүтэй бор халтар нохойтой юм байна гэв.
Дунд дүү нь:
- Тэр хүний чинь өрөөсөн нүд нь муу юм байна гэлээ.
Бага дүү нь:
- Тэр хүний бас өрөөсөн хөл нь муу юм байна гэжээ.


Гурвуулаа цаашаа явж байтал борогч гүү хөллөж бор халтар нохой дагуулсан өрөөсөн хөл, нүд муутай өвгөн явж байжээ. Тэр нь нөгөө хоносон гэрийн эзэн мөн байв.
Гурван хүү,
- Минийх зөв, минийх зөв гэж булаацалдсаар тэр өвгөн дээр хүрч ирэхэд өнөөх өвгөн
- Намайг та нар шоолов гэж уурлажээ.
Отгон дүү нь,
- Та энэ өвгөнийг борогч гүүтэй, бор халтар нохойтой юм гэж яаж мэдэв гэж их ахаасаа асуувал. Их ах нь:
- Намайг гадаа гарахад, морины уяанд бор хялгас, нохойн хэвтэрт бор даахь байсан юм гэжээ.
Их ах нь
- Чи энэ өвгөний өрөөсөн нүд мууг яаж мэдэв гэж дунд дүүгээсээ асуувал, дунд дүү:
- Тэр хүн нүүр гараа угаахдаа зүүн талдаа усаа их асгасан байна билээ гэжээ.
Дунд дүү нь:
- Чи тэр өвгөний өрөөсөн хөл мууг яаж мэдэв гэж отгон дүүгээсээ асуувал, отгон дүү нь:
- Би өвгөний орон дээр унтаад босоход, зүүн сүүж минь их хөндүүрлэсэн байж билээ гэв.
Борогч гүүтэй, бор халтар нохойтой өвгөн:
- Гурван хүүхэд намайг шоолов гэж хаанд очиж мэдүүлжээ. Гурвалдайн гурван цэцнийг, хаан дуудуулж авчраад
- Та нар настай хүний хажуугаар гарахдаа, юунд шоолов, битүүг тааж, бэрхийг яаж мэдэв гэж асуужээ.
Цэцэн гурав өвгөний гэрт хоноод юу тааж, юу гэж ярьснаа хаанд цөмийг хэлжээ. Гэтэл хаан гурван цэцнийг үнэхээр бэрхийг мэддэг, битүүг таадаг юм байна гэж мах, айргаар ихэд дайлжээ.
Тэгээд цэцэн гурав хааныхаас явахдаа
- Хаан хүндлэхэд ч хүндлэв. Харин өгсөн мах нь нохойнх шиг, айраг нь хүний цус шиг амттай юм гэж ярилцаж явтал, тэр үгий нь шивэгчин дуулчихаад, хаандаа очоод айлтгавал, цэцэн гурван жаалыг хаан бас дуудуулж авчраад.
- Та нар замдаа юу гэж ярилцсан бэ? Та нарыг насаар чинь хар гэрт хийнэ гээд тэр гурвыг хоёр давхар шоронд хорив.
Гэтэл хааны ач Төдий хүү, Гурвалдайн гурван цэцнийг ямар хэрэгтэйд нь шоронд хийв гэж хаанаас асуухад, хаан:
Би тэр гурвыг цэцэн юм гэж мах, айргаар дайлсан юм. Гэтэл тэд махы нь нохойн, айргий минь хүний цусны амттай юм гэхлээр шоронд хийсэн юм гэжээ.
Төдий хүү:
- Юуны мах өгсөн юм бэ?
Хаан:
- Хонины мах байхгүй юуных байх вэ?
Хүү
- Хонины чинь маханд нохойн мах байж магадгүй шүү. Та сайн бод гэжээ. Хаан хэсэг бодож байгаад
- Чамайг бага байхад зуд болж билээ тэр жил хамаг хонь үхээд, хоёрхон өнчин хургатай үлдээд, түүнийгээ нохойн сүүгээр тэжээсэн юм. Тэрнийг маань хэлсэн байх нь байна шүү. Тэгэхлээр тэр гурвых зөв байх нь зөв. Тэгвэл айрагт яагаад хүний цусны амт байдаг билээ гэж бодов. Гэтэл Төдий хүү:
- Зун гүү сааж байхад хамраас гэнэт цус гоожиж сааманд дусаж холилдсон байж болох юм гэхэд хаан бүрэн зөвшөөрч
- Гурван жаалын зөв. Ёстой бэрхийг мэддэг, битүүг таадаг цэцэд юм байна гэж шоронгоос суллан тавьсан нэгэн үлгэр төгслөө.


Монгол ардын үлгэрүүд. Редактор Ө.Банди. 1966 он.

Aucun commentaire:

Enregistrer un commentaire